Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Monday, August 06, 2007

Хeрeнгe оруулалтын гэрээний талаарх миний цeeн eгvvлбэр...

Монголд мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгээс үл хамааран амтай хэлтэй бүхэн л Ivanhoe Mines Mongolia Inc.(IMMI)-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар эерэг, сөрөг байр суурь илэрхийлэх боллоо. Сүүлдээ “Оюу толгой”, “Таван толгой” гэсэн нэрнүүд “чихний чийр” болж байна гэхэд хилсдэхгүй болов. Монголчууд туйлшрах, мөн баримт мэдээлэлгүй ярихдаа маш сайн. Харин ярьсан, хэлснээ бодит ажил болгохдоо тааруу бололтой. Би энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа ч (учир нь хүн бүр үүнээс залхсан), яалт ч үгүй мэргэжлийн холбогдолтой асуудал тул дуугүй өнгөрч чадсангүй. Хэдэн өгүүлбэр сараачихаар шийдлээ.

Надад байгаа мэдээллээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг гэрээг IMMI компанитай байгуулах Монголын талын ажлын хэсэг гэж хэсэг бүлэг хүмүүс Сангийн яаман дээр төвлөрч ажилласан юм шиг байгаа юм. Уг ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн нэрс надад байна. Эдэн дунд эрдэс баялгийн эдийн засагч, олон улсын гэрээ-эрх зүй, хуульчийн мэргэжилтэй нэг ч хүн алга! Цаашлаад томоохон ордыг ашиглах хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ хийх, хийгдсэн үнэлгээнд үнэлэлт дүгнэлт өгөх, санхүү-эдийн засгийн загварчлал ашиглан шинжилгээ хийх чадавхитай, чадалтай хүн байсангүй! Яагаад би ингэж хэлэв? Тэдний боловсруулсан гэх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг үзээд үнэхээр даан ч яав даа гэж бодогдсоноос тэр. Миний бие жил орчмын өмнө Монголд ирэхдээ энэхүү ажлын хэсэгт орж ажиллахыг, мэргэжлийн хүний хувьд судалгаа, шинжилгээний ажлыг нь гардан хийж оролцохыг ихээхэн хүсч байсан боловч “Монголд мэргэжлийн хүн хэрэггүй, зөвхөн долдойнууд хэрэгтэй байдаг учраас” намайг уг ажлын хэсэгт оруулаагүй билээ.

Сар гаруйн өмнө хөрөнгө оруулалтын гэрээний төслийг олж уншаад уг гэрээнд буй балархай, тодорхой бус, бас Монгол улсын эрх ашгийг дэндүү гэмээр уландаа гишгэсэн, үндэсний аюулгүй байдалд харшилсан, хууль эрх зүйгээ зөрчсөн, олон улсад Монголын нэр хүндийг асар ихээр унагах аюул бүхий маш олон заалт, хэсгүүдийг нь түүж, тэдгээрт үнэлэлт бичихэд бүтэн 10 гаруй хуудас болж билээ. Үүнээс үзэхэд мэргэжлийн бус хүмүүсээр, хэсэг бүлэг хүмүүсийн ямар нэг далд эрх ашигт нийцүүлэн хийгдсэн гэрээ болжээ гэж би энэ гэрээг хувьдаа дүгнэсэн. Эцсийн эцэст ийм гэрээнээс болж хэн хохирох юм бэ? Энд зөвхөн Монгол улс хохироод зогсохгүй IMMI компани ч мөн хохирох болно. Учир нь ийм их эрсдэлтэй гэрээ нь уг гэрээг байгуулагч хоёр талын аль алинд нь эрсдэл авчирна.

Бүтэн 10 гаруй хуудас зүйлийг энд бичих нь илүүц гэж бодож байна. Харин яагаад энэ гэрээний төсөлтэй уялдан нийгэмд ийм их бухимдал, уур уцаар, явган яриа, маргалдаан тэмцэл бий болов гэдгийг тайлбарлах үүднээс цөөхөн заалтыг нь л хэсэгчлэн тайлбарлая.
  • 1.8-д “… Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34%-ийг Төр эзэмшинэ” гэж заасан. Гэтэл энд Ivanhoe Mines Mongolia Inc. компанийн ямар төрлийн хувьцааг Төр эзэмших тухай огт дурьдаагүй байна. Компанийн хувьцааг үндсэнд нь давуу (preferred) болон энгийн (common) гэж ангилна. Давуу эрхтэй хувьцааны давуутай тал нь компани хувьцааны ноогдол ашиг хуваарилах үед түүний эзэмшигчид нь хамгийн түрүүнд ноогдол ашиг хүртдэг. Энэ утгаараа “давуу” гэсэн тодотголтой байдаг. Гэхдээ ихэнх давуу хувьцаа эзэмшигчид компанийн шийдвэр гаргалтад саналын эрхгүй байдаг. Цөөн тохиолдолд, зарим давуу хувьцаа эзэмшигчид шинээр хувьцаа гаргах, компани нөгөө компанид нэгдэх, нэгтгэх, компанийн захирлыг сонгох зэрэг онцгой асуудалд саналын эрх олгогддог. Давуу хувьцаа эзэмшигчийн ноогдол ашгийн хэмжээ нь эрсдэл багатай, тогтвортой байдаг. Хувьцааны үнийн хэт өсөлт, хэт бууралтаас шалтгаалсан ашиг, эрсдэл давуу хувьцаа эзэмшигчид нөлөөлөл багатай тул хувьцааны тогтмол ноогдол ашгаа хүртдэг. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн шийдвэр гаргалтад саналын эрхтэй байдаг ч ноогдол ашиг хуваарилах үед хамгийн сүүлд ноогдол ашиг хүртдэгээрээ сул талтай. Өөрөөр хэлбэл давуу хувьцаа эзэмшигч ноогдол ашгаа хүртсэний дараа энгийн хувьцаа эзэмшигч өөрийн ноогдол ашгаа хүртдэг. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа, хувьцааны үнэ зэрэг нь энгийн хувьцаа эзэмшигчид маш их нөлөөлдөг. Тухайлбал хувьцааны ханш өсвөл энгийн хувьцаа эзэмшигч тэрхүү өсөлтөөс шалтгаалсан нэмүү ноогдол ашиг хүртэх (гэхдээ давуу хувьцаа эзэмшигчид ноогдол ашгаа хүртсэний дараа) ба эсрэгээр, хувьцааны ханш эрс унан, компанийн үйл ажиллагаа муудах үед ноогдол ашиг хүртэхгүй (давуу хувьцаа эзэмшигч ноогдол ашгаа хүртэнэ). Өөрөөр хэлбэл энгийн хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг нэлээд эрсдэлтэй гэж ойлгож болно. Эдгээрээс гадна алтан хувьцаа (golden shares) гэж бий. Алтан хувьцаагаар компанийн удирдлагын зөвлөлд санал өгөх, оролцох, нөлөөлөх эрх түүний эзэмшигчид олгогдоно. Дэлхийн туршлагаас үзэхэд Засгийн газар өөрийн чухал обьектууд, үйлдвэрүүдийнхээ алтан хувьцааг эзэмшдэг. Эдгээр энгийн тодорхойлолтуудаас үзэхэд Монголын Төр хөрөнгө оруулагчийн ямар төрлийн хувьцааг энэ гэрээгээр эзэмших нь огт тодорхойгүй байгаа юм. Тэр ч бүү хэл уг гэрээгээр Засгийн газар өөрийн чухал обьект болох Оюу толгойн ордынхоо алтан хувьцааг ч эзэмших эрхгүй байна. Эдгээр тодорхой бус байдлаас шалтгаалж Монголын төрд ногдох ноогдол ашгийн хуваарилалтын үр ашиг маш бага байна. Жишээ нь, ил уурхай ашиглалтад орох 2010 оноос эхлэн үйлдвэр анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд (магадгүй 2016-2017 он хүртэл) Монголын Төр ямар ч ноогдол ашиг хүртэхгүй байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл гэрээнд Монголын Төрийн эзэмшлийн хувьцааны төрөл (давуу, энгийн, алтан)-ийг нь нарийн судалж заагаагүйгээс өдгөөгөөс 10 орчим жилийн хугацаанд Монголын Засгийн газарт ноогдол ашиг хуваарилагдахгүй байх, Монголын Засгийн газар компанийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадахгүй байх, ноогдол ашиг хуваарилсан ч, Монголын Төр хамгийн сүүлд ноогдол ашиг хүртэх, магадгүй хүртэхгүй байх зэрэг эрсдэлтэй байдал энэ гэрээгээр бий болсон байна. Цаашлаад уг гэрээний төслийн 1.10-аар Хөрөнгө оруулагчийг хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс бүрэн чөлөөлсөн байгаа.
  • 2.3.1-д “…алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр Монгол улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө” гэж заасан. Гэтэл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар (ЗБҮӨАТ)-ын тухай хуульд ийм заалт байхгүй тул энэ нь хууль зөрчсөн заалт болж хувирч байна. Монголын дотоодын алт үйлдвэрлэгчид ч гэсэн олон улсын зах зээлийн ханшаар үйлдвэрлэсэн алтаа Төв банкинд худалддаг. Тэд үнийн өсөлтийн албан татвар төлж байгаа. Эхнээсээ зах зээлийн хуулийн эсрэг үнийн өсөлтийн албан татварын гэгч хууль яарч баталчихаад ямар үйлдвэрлэгчдийг тэрхүү татвараас бүрэн чөлөөлж, ямрыг нь чөлөөлдөггүй байна? Энэ заалтаар Монгол улс Монгол дахь хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхдаг, тэдэнд үзэмжээр ханддаг, үзэмжээр татварын хөнгөлөлт олгодог болж байна. Ингэснээр Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орны хувьд Монгол улс гишүүний үүргээ зөрчиж байгаа юм.
  • 3.2.2-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг Оюу толгойн ордын ... солбицол бүхий талбайд явуулна”. 3.2.4-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч ... тогтоосон нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник-эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй” гэж тус тус заасан. Монголд одоо мөрдөгдөж байгаа хууль, зохицуулалтаар хайгуулын лиценз эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч нь “хайгуулын ажлаар тогтоосон нөөцийг улсын эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулан, нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, уг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) (feasibility study)-ийг боловсруулан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулснаар хайгуулын үе шатны ажил дуусгавар болох ба ашиглалтын лиценз авч, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал сая яригддаг”. ГЭТЭЛ!!! Сар хүрэхгүй хугацааны өмнө IMMI компани Үйлдвэр, худалдааны яаман дээр эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоогдсон нөөцийн тайлангаа хэлэлцүүлж 4 сая тонн зэс эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан. Цаана нь батлуулаагүй нөөц үлдсэн. Өөрөөр хэлбэл IMMI-ийн хайгуулын ажил дуусаагүй. Ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүрэн бүртгүүлээгүй, орд ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулаагүй байгаа компанитай Засгийн газар өөрөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай ярьж, бүр гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан, IMMI-д аль хэзээний Оюу толгойн ордыг ашиглах ашиглалтын лиценз олгочихсон байгаагаас үзвэл Засгийн газар өөрөө хууль зөрчигч мөн. Зүй нь нөөцөө бүрэн тогтоож бүртгүүлсэн, орд ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж батлуулсан компанитай л Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Засгийн газар өөрөө нэр бүхий хуулиудаа зөрчигч нь болохоор Засгийн газрын зөвшөөрч баталсан энэ гэрээ хууль бус гэж үзэж байна.
  • Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл (ХОГТ)-ийн 1.4-т “...Засгийн газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид ТУСАЛНА” гэж заасан (Мөн 6.3.1-д). Засгийн газарт тусгайлсан хөрөнгө оруулагчид ТУСАЛДАГ тийм үүрэг, функц байдаг гэж үү? Хүн бүхний мэддэгээр Засгийн газар бол өөрийн ард иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага атал энэ заалтаар тусгайлсан нэг хөрөнгө оруулагчид лиценз, зөвшөөрөл Засгийн газраас өөрөөс нь хүсэхэд нь тусалдаг тийм өвөрмөц үүрэгтэй байгууллага болж хувирчээ.
  • 2.3.2-т зааснаар 2015 он гэхэд Хөрөнгө оруулагч нь Монголд зэсийн хайлуулах үйлдвэр барих ба хэрвээ барьсан тохиолдолд ЗБҮӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөх юм байна. Монголын талаас уг гэрээг байгуулахад оролцсон хүмүүс тайлбарлахдаа “зэсийн хайлах үйлдвэр баригдсанаар Монголд цэвэршүүлсэн зэс, зэс утас, хоолой, гуурс гэх мэт төрөл бүрийн эцсийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэнэ” хэмээн хүүхэд хуурч байгаа юм шиг худал зүйл ярьж байв. Гэтэл уул уурхай бага зэрэг гадарлах ямар ч тэнэг хүн зэсийн хайлах зуух (furnace), хувиргагч (converter)-аас зөвхөн блистер зэс л гардгийг мэднэ. Блистер зэсийг цааш нь цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн дамжлагад оруулж байж сая А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс гардаг. Ингээд зогсохгүй цэвэр зэсийг цувих янз бүрийн технологийн дамжлагаар дамжуулж байж зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүнүүд гардаг. Уг гэрээгээр зөвхөн зэсийн хайлах үйлдвэр барьж болох тухай заалт байгаагаас блистер зэсийг цэвэршүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулагдах талаар ямар ч заалт байхгүй байгааг анхаарна уу! Мэдээлэл муутай, энэ чиглэлийг гадарлахгүй түм буман хүмүүсийн толгойг эргүүлж байгаа иймэрхүү худал хуурмаг, ичгүүргүй мэдэгдэл Монголын энэ бусармаг нийгэмд маш их байгаа тул эдгээрт итгэхээсээ өмнө эхлээд өөрөө эргэцүүл, болохгүй бол мэргэжлийн хүнээс асууж байж итгэх эсэхээ шийдвэрлэж байгаарай хүмүүс минь.
  • 3.3.2-т “Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.3.1-рт заасан хэмжээний хүдэр олборлох болон боловсруулахад боломжит хүчин чармайлт гаргана” гэжээ. Ерөөс үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг техник үзүүлэлтүүд бүгд ТЭЗҮ-д тусгагдсан байх ёстой байдаг. Харамсалтай нь энэ гэрээг ТЭЗҮ хийгдээгүй байхад байгуулахаар Засгийн газар ба IMMI компанийн аль аль нь улайран зүтгэж байгаа нь гэрээнд ийм заалт оруулахад хүргэжээ. Хэрвээ Хөрөнгө оруулагч БОЛОМЖИТ хүчин чармайлт гаргахгүй бол гэрээний 3.3.1-т заасан үзүүлэлтүүд биелэхгүй, бодит бус болно гэсэн үг. Хэн ч энд хариуцлага үүрэхгүй ийм заалт оржээ.
  • 3.4-т “…олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай...” гэж заажээ. Гэтэл боловсруулалтын технологи (хайлах, цэвэршүүлэх гэх мэт) гэж энд заагаагүй байгаагаас үзвэл нэг талаар IMMI компани зөвхөн баяжмал үйлдвэрлэх юм шиг, нөгөө талаар IMMI компанийн боловсруулалтын (хайлах) технологи нь байгаль орчинд хор нөлөөтэй байж болохоор юм шиг ойлголтыг энэ заалт төрүүлж байна.
  • 3.5.3-т “Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэжээ. Энэ заалтаар борлуулсан бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэсэн утгагүй нөхцлийн дор борлуулалтын орлогоо тусгай зөвшөөрөл эзэмшигч яаж ч мэдүүлж болохоор байна. Металл үйлдвэрлэгчийн борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнэ хэзээд тодорхой байдаг. Үнийг нь тодорхойлох боломжгүй тохиолдолд гэсэн ийм утгагүй заалт хэзээ ч байх ёсгүй.
  • Эрчим хүч, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлыг энэ гэрээг байгуулсны дараа тодорхойлно гэж 6.1.1-д, мөн Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан дэд бүтэц нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэж 6.6.2-т заасан зэргээс үзэхэд “Яагаад хөрөнгө оруулалтын гэрээний дараа ТЭЗҮ-д тусгагдах ёстой эрчим хүчний асуудал яригддаг билээ? Яагаад дэд бүтэц дээр IMMI өөрийн монополь эрхшээлийг тогтоодог билээ?” гэсэн асуултууд өөрийн эрхгүй гарч ирж байна.
  • 15.3-т “Энэхүү гэрээ болон Монгол улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална” гэж заасан байна. Монгол улсын хуулиас илүү давсан гэрээ гэж байдаг байх нь? Ийм заалт байхгүй гэж Сангийн яамны хүмүүс удаа дараа мэдэгдсэн. Гэтэл миний гар дээр байгаа энэ гэрээний төсөлд ийм заалт байна!!! Төрийн албан хаагчид нь худлаа ярьж, олон нийтийг ингэж хууран мэхэлж болно гэж үү?
  • 15.10-т “Гэрээний Монгол, Англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална” гэж заасан байна. Нэр томъёоноос эхлээд гэрээний төслийн Монгол, англи хувилбаруудын хооронд утгын, агуулгын, орчуулгын, дүрмийн гээд түмэн алдаа гарахыг үгүйсгэхгүй. Англи хэл дээрхийг нь англи хэлтэй мэргэжлийн хүмүүсээр хянуулахгүй бол энэ заалтаар Монгол улс ирээдүйд асар их эрсдэлд орж болзошгүй юм.

Зах зухаас нь цөөхөн заалтыг сонгон авч энд бичлээ. Бусдыг нь бичихэд их цаг орох гээд байгаа тул ингэсгээд орхиё. Эцэст нь дүгнэхэд:

1. Засгийн газар энэ гэрээний төслийг мэргэжлийн бус хүмүүсээр, ямар нэг далд ашиг сонирхолд нийцүүлэн хийлгэсэн нь тодорхой байна.

2. Засгийн газар Монгол улсын хуулиудын заалтуудыг ноцтой зөрчин, энэ гэрээг УИХ-аар батлуулахаар оролдож байгаа нь өөрөө хууль бус явдал мөн.

3. Гэрээний төсөл бүхэлдээ IMMI компанийн өмнө Засгийн газрын хүлээх үүрэг, хариуцлага маягийн хэв загвартай байгааг энэ гэрээний төсөлтэй бүрэн танилцсан хэн бүхэн ойлгох болно.

4. Гэрээг Монгол улсын Засгийн газар, Монголын ард иргэд гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, харин Төр барьж тоглож буй цөөн тооны этгээдүүд өөрсдийн далд ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг байгуулахаар оролдож байгаа нь цаашид гадаадын хөрөнгө оруулагч IMMI компанид ч, Монгол улсад ч ноцтой хор уршиг авчрах болно.

5. Хариуцлагатай, ил тод, тодорхой засаглал бүхий Засгийн газартай бизнесийн ёс зүйг баримталдаг, шударга, нэр хүндтэй хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нөхцөлд л эрсдэл хамгийн бага, гэрээг байгуулагч хоёр талд үр ашиг хамгийн их ногддог. Энэ үүднээс харвал энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ сайн гэрээ болж чадахгүй.

6. Монголд үйлчилж буй татварын хуулиа (зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль) зөрчин хөрөнгө оруулагчид 100 хувийн хөнгөлөлт үзүүлчихээд компанийн алтан хувьцааг ч эзэмших эрхгүй, ямар төрлийн хувьцааны 34%-ийг ч эзэмшиж байгаагаа мэдэхгүй, түүнчлэн А зэрэглэлийн цэвэр зэс гаргах цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нөхцлийг ч тохирч чадаагүй энэ гэрээг хүлээн зөвшөөрч батлах ямар ч үндэс байхгүй байна.

7. Хэрвээ энэ гэрээг ийм байдлаар нь УИХ баталвал Монгол улсыг олон улсын тавцанд “авилгалдаа идэгдсэн, ардчилсан бус, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хамгийн муу, засаглал хамгийн сул дорой, үндэсний аюулгүй байдал нь алдагдсан, бизнесийн ёс зүйтэй, жинхэнэ хөрөнгө оруулагчдыг үргээсэн орон” гэсэн маш хүчтэй transnational сигналыг дэлхий дахинд өгөх negative externality бий гэдгийг бодолцох ёстой.

8. Иймд уг гэрээний төслийг энэ байдлаар нь батлах үндэс байхгүй бөгөөд IMMI компанийн хайгуулын ажил бүрэн дууссан, ордын нөөц улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүрнээр бүртгэгдсэн, орд ашиглалтын ТЭЗҮ (энэ нь цогцолбор төлөвлөгөө биш шүү!) боловсруулагдаж батлагдсан, Монгол улсын ашигт малтмалын тухай хууль дахин хянагдсан (Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үз), IMMI-тэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа мэдлэг чадваргүй долдойнуудыг биш шударга, ёс зүйтэй, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахаар шийдвэрлэсэн нөхцөлд Засгийн газар, IMMI компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар ярих ёстой гэдгийг хатуу сануулая.

Бага боловч юм уншдаг, бага ч гэсэн Монгол хүний нүдээр Монголыгоо хардаг жирийн иргэн бүхэн миний энэ хэдэн өгүүлбэртэй санал нийлнэ буйзаа. Аливааг зөвхөн бодит байдлаас нь хар. Эс тэгж чадваас та мөхөж байгаагийн шинж...

14 Comments:

Blogger Ë.Íàðàíáààòàð said...

Энэ гэрээ Монголын хууль тогтоомжийг үнэхээр уландаа гишгэсэн гэдэг нь Болдын нийтлэлээр нотлогдож байна. Мэргэжлийн хүмүүсээр баг бүрдүүлж, МУ-ын хууль тогтоомж, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байдлаар энэхүү ХОГ (хөрөнгө оруулалтын гэрээ)-ийг шүүрдэж цэвэрлэх хэрэгтэй.

9:29 AM  
Blogger Ochko said...

Би ч бас тэгж бодож байна.

7:11 PM  
Anonymous Anonymous said...

yag unen bichij ugaasaa ene geree Mongol ulsiin erh ashigt uilchleh bish tsoon toonii oligarh gej nerlegdeed baigaa luivarchid deeremchid medlegegui teneg uud mash ih hahuuli avch ulsaa zarj idej baigaa iim l geree yum

10:50 AM  
Anonymous Anonymous said...

uneheer todorhoi mergejiliin uudnees bichsen bna gevch neeree l Mongold mergejilten hereggui doldoi heregtei gedeg n unen yumdaa

10:54 AM  
Blogger Bold said...

Setgegdel uldeesen humuust bayarlalaa. Hediigeer bid ingej yariltsaj, olon tumend unen bodit medeelel ogloo ch, Ulsiin Ih Hural gereenii tosliig ene chigeer ni heleltseed batalchihval bid yu hiih yostoi ve? Nadad hariult alga, harin ta buhend???

12:35 PM  
Blogger Сэндайн андууд said...

Undesleltei barimtan deer tulguurlaj bichjee. 10 orchim huudas aldaa baigaag bugdiig ingej dugnej bicheed Mongoliin irgeded yamar neg zamaar hurgeh heregtei sanagdlaa. Uuniig unshihad l uneheer taash ni buh eedreetei zuiliig tailj unshmaar bolj baina. Bolomjtoi bol urgeljluulj bicheerei! Amjilt husie!

9:30 PM  
Anonymous Anonymous said...

Boldod zovlomj bolgoj helehed, OT horongo oruulaltiin gereenii tosliin talaar ooriin ene bair suuria undesnii odor tutmiin hevleluudeer zaaval ilerhiileh heregtei yum bna. Namriin chuulgan hurtel bas zai bna. Mergejliin hunii hiisen iim dun shinjilgee, nariin medeelel olon niited hurvel etssiin dundee ene ni shiidver gargah tuvshind ch hurch noloolohiig uguisgeh argagui.

3:15 PM  
Anonymous Anonymous said...

Nadad ganz l asuult baina. Ene original tusul ni olon niited ileer medeelegdsen yum baina uu. Ugui bol hun buhen uuniig unshig yostoi bishuu?

12:39 AM  
Blogger Bold said...

Sain baina uu, zuvlumj ogson humuust ih bayarlalaa. Enehuu gereenii tosol Mongoliin erh ashigt harsh gedgiig undesleltei ilerhiilsen zahidliig ongorson sard UIH-iin gishuuded ilgeesen baigaa (bidnii heseg nuhud). Erhbish tend ni heleltseed zuv shiidver gargana buizaa. Tuunchlen udur tutmiin neg sonind terhuu zahidal garsan baina bilee. Mongoliin udur turmiin Onoodor, Odriin sonin zereg soninuud iimerhuu niitlel taviuldaggui yum baina lee. Tednii erh ashig ni oor yum shig baigaa yum.

4:50 PM  
Blogger Bold said...

Ene gereenii tusul olon niited ileer medeelegdsen zuil baihgui gej bodoj baina. Zarim neg web site deer tavigdsan baij magadgui. Mongoliin hun amiin heden huvi ni internet bainga heregledeg bilee, heden huvi ni iim zuiliin talaar bodoj, setgelee chileedeg bilee, heden huvi ni unshaad oilgoj tungaan dugnelt hiih chadvartai bgaa bilee geed bodohoor niit humuus ene talaar sain medeelelgui baigaa gej bodoj baina. Alivaa neg chuhal zuiliig Mongoliin tur zasag ard tumneesee nuuj daldhan hiichiheed ur dung ni ih sain bolson, olon yum yarih hereggui, odoo guitsee geed zarlachihdag jishig tugeemel bolsniig end irsneesee hoish mash iheer mederch baina.

4:59 PM  
Anonymous Anonymous said...

Boldoo,
Ter gereeg ard tumend niited delgej yavisan eseh talaar bi asuuj baisan yum.
Haruilsand bayarlalaa. Bid bolovsroltoi, dun shinjilgee hiih chadvartai, uhaalag, mongoloo gesen uujuu taivan zaluustai gaa niilj blog club ch yumuu neevel yasan yum be. Endee ter tusuliin eh huviig tavihaas ehleed iimerhuu zuiliin talaar bodol sanaagaa solilzoh heregtei. Uuuriin tani blog iig iim bolgoj bolno shuu dee.

Uuruu ter tusliig bairj avch unshsanii huvid ene blog deeree ehiig tavihgui yumuu? Medeej uuriin chini heleed baigaag bugd medne,
"Mongoliin hun amiin heden huvi ni internet bainga heregledeg bilee, heden huvi ni iim zuiliin talaar bodoj, setgelee chileedeg bilee, heden huvi ni unshaad oilgoj tungaan dugnelt hiih chadvartai bgaa bilee geed bodohoor niit humuus ene talaar sain medeelelgui baigaa gej bodoj baina."


Tiimees zohih humuus ni unencheer, uhaalgaar dugnenlt hiigeed uur shig chini talbarlaad engiineer humuust hurgej bolno sh dee.
Medeej ter tusliig ni mongolchuud neg burchlen unshich uigui. Tarhiniihaa hemjeegeer humuus huleej avna. Gevch uhaantai huniig humuus sonsono sh dee.

Aa

11:13 PM  
Anonymous Anonymous said...

Mongoliin talaarhi gaigui blog gadaadiinhnaas:

http://danzanravjaa.typepad.com/my_weblog/

http://www.birdsmongolia.blogspot.com/

http://www.mongolianmatters.com/

http://www.mongolianmatters.com/

http://hellomongolia.typepad.com/

http://hellomongolia.typepad.com/



Aa

11:20 PM  
Blogger Bold said...

Sain uu Aa:

Bayarlalaa. Bi ajlaa zohitsuulaad, ene doloo honogt bagtaad ter gereenii tosliig blog-too buleg bulgeer ni bairluulnaa. Nadad Mongol eh ni l bgaa. Angli ehiig ni odoogoor olj avsan hun baihgui baina. Uuniig hiisen humuust ni l baigaa. Angli ehiig ni alban bus orchuulgatai gej sangiin yamnii toriin nariin bichgiin darga ooroo TV-eer helj baisan. Alban bus orchuulgatai gereeg barimtlaad 30+20, 50 jil ene gereeg mordoh yum genee. Tegeed margaan garval London-iin arbitrary-aar shiidverluulne gej baigaa yum. Sangiin yam yu l hiigeed baina daa?

9:44 AM  
Anonymous Anonymous said...

end neg iim yum baina

http://www.openforum.mn/index.php?coid=1835&cid=315

2:00 AM  

Post a Comment

<< Home