Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Thursday, August 02, 2007

Намибид зорчсон тэмдэглэл

2007 оны 6-р сард Намиби улсын нийслэл Виндхүк хотноо “Өмнөд Африкийн суурь металлын аж үйлдвэрлэл дэх уул уурхайн хөрөнгө оруулалтын бодлого” сэдэвт олон улсын хуралд оролцох боломж гарсан билээ. Энэ тухай тэмдэглэлийг блогтоо бичиж амжихгүй өдий хүрчихлээ.

1. Хурлын тухайд:

Уг хурлыг Намиби улсын Уул уурхай, эрчим хүчний яам, Олон улсын хар тугалга, цайр судлалын групп (ОУХТЦСГ), Бүтээгдэхүүний хамтын сан (БХС) гэсэн гурван байгууллагаас хамтран зохион байгуулсан юм. Тус хуралд Өмнөд Африкийн 8 орны (Намиби, ӨАБНУ, Ангол, Замби, Зимбабве, Ботсвана, Конго, Мозамбик) Засгийн газрын төлөөлөгчид, Австралийн Засгийн газар, судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Олон улсын хар тугалга, цайр судлалын групп”, “Олон улсын хар тугалганы хөгжлийн холбоо”, “Олон улсын цайрын холбоо” зэрэг олон улсын байгууллагууд, мөн бизнесийн хүрээнийхнийг (Anglo American, BHP Billiton, MRI Resources Limited, International Base Metals Limited, Gryphon Minerals Limited, JOGMEC, Itochu зэрэг) хамруулсан нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Reuters, Mining Journal зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

2. Африкийн орнууд дахь суурь металлын хөрөнгө оруулалтын бодлого:


Суурь металлын дэлхийн нийт батлагдсан нөөцийн 1/3 нь Африк тивд ногдох ба Африкийн нийт экспортын 60 орчим хувь нь өмнөд Африкийн орнуудад (SADC-9) ногдож байна (Африкийн хөгжлийн банкны мэдээлэл, 2007).

Сүүлийн жилүүдэд засаглалыг сайжруулж, улс төрийн байдлыг тогтворжуулж, эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр Африкийн орнуудын эдийн засаг тогтвортойгоор өсч байгаа эерэг хандлага бий болжээ. Гэхдээ бусад хөгжиж буй орнуудтай харьцуулбал Африкт бизнес эрхлэх зардал 20-40% өндөр байгаа юм. SADC буюу Өмнөд Африкийн Хөгжлийн Нийгэмлэг (ӨАХН)-ийн 9 орны эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт эдийн засагт эзлэх хувийг харьцуулан судалвал ӨАБНУ-ын хувьд эрдэс баялгийн салбарын эдийн засагт эзлэх хувь аж үйлдвэрлэлийн диверсификацийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тасралтгүй буурсан сайн үзүүлэлттэй байгаа буюу ӨАХН-ийн 9 орон дотроо эдийн засаг, засаглал, хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтыг татах нийтлэг бодлогын тухайд: Африкийн орнууд “татварыг бууруулж, татварын хөнгөлөлт үзүүлснээр хөрөнгө оруулалтыг татна” гэсэн ойлголт (Монголд ийм буруу үзлийг сурталчилдаг хүн маш олон бий)-ыг ӨРӨӨСГӨЛ гэдэгтэй нэг мөр санал нэгджээ. Үүнийг жишээгээр тайлбарлавал, хэдийгээр Зимбабве улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15% болгож бууруулсан ч тус улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах орчин сайнгүй хэвээр байгаа юм. Хэдийгээр ӨАХН-ийн дийлэнх орнуудад татвар, төлбөрийн хэмжээ харьцангуй өндөр байгаа ч 2005 онд гэхэд Африкийн орнуудад 30 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна (UNCTAD, World Investment Report, 2006). Энэ нь зөвхөн татвар, төлбөрийг бууруулснаар хөрөнгө оруулалтыг татна гэдэг хуучирсан ойлголт тун өрөөсгөл гэдгийг баталж байна.

ӨАХН-ийн орнууд улс төрийн, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах, дотоод аюулгүй байдлыг хангах гэсэн хөрөнгө оруулалтыг татах үндсэн шалгууруудад гол анхаарлаа хандуулах болжээ. Харин бизнесийн ёс зүйтэй, олон улсад нэр хүндтэй гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй орнуудаас “татвараа бууруулаач ээ” гэсэн нөхцөл тавих БУС, дараах гурван шаардлагыг илүүтэй тавих болсон. Үүнд:

* Хууль тодорхой байх;
* Засаглал, Төрийн удирдлага ил тод, хариуцлагатай, нийцтэй байх;
* Хяналтын механизм нь шударга, хараат бус байх.


Иймд эрдэс баялгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь татвар, төлбөрийг бууруулж, утга учиргүй хөнгөлөлтүүд эдлүүлснээр дэмжигдэхгүй, харин улс төр, засаглалын хариуцлагатай, ил тод, нийцтэй байдал, хууль эрхзүйн тогтвортой, тодорхой орчин, мөн хараат бус, шударга хяналтын тогтолцоогоор тус тус идэвхждэг гэсэн дүгнэлтийг хийж байна. Монгол улсын эрдэс баялгийн салбарт яагаад ийм их асуудал, гажуудал үүссэн шалтгаан уншигч танд одоо тодорхой болсон байх гэж найдна.

3. Үйлдвэртэй танилцах хөтөлбөр:

Хөтөлбөрийн хүрээнд хуралд оролцогчид Намиби улсын хойт хэсэгт орших “Онгополо” олборлох, боловсруулах компанийн “Цүмеб” зэс хайлах үйлдвэртэй танилцсан. Лондонд төвтэй Weatherly International хэмээх LSE-д бүртгэлтэй компани нь Өмнөд Африкт суурь металлын олборлох, боловсруулах бизнес эрхэлдэг, тус бүс нутагт зэсийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд Намиби улсад “Онгополо”, Замби улсад “Луаншяа” хэмээх компаниудын хувьцааны дийлэнхийг эзэмшдэг. Тухайлбал 2006 оны 7-р сард Онгополо компанийн хувьцааны 97%-ийг худалдан авсан. Өдгөө Онгополо компани зэсийн гурван уурхай, зэс баяжуулах, хайлуулах гурван үйлдвэртэйгээр Намибийн хойт болон төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Цүмеб зэс хайлах үйлдвэр нь Онгополо компанийн чухал хэсэг юм. Цүмеб нь зэс хайлах гурван зуух бүхий зэрэглэл, хэмжээгээрээ дундаж түвшинд багтах үйлдвэр бөгөөд одоогоор эхний хайлах зуухны хүчин чадлаар жилд 24-32 мянган тонн блистер зэс үйлдвэрлэж байгаа юм. Цаашид зэс хайлах зуухны хүчин чадлыг жилд 50,000 тонн блистер зэс болгон нэмэгдүүлэх, технологио шинэчлэх төсөл боловсруулж, техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байгаа юм байна. Зэсийн хайлах үйлдвэрийн үндсэн түүхий эд болох зэсийн баяжмалаа Болгар, Австрали, Замби, Конго зэрэг улсуудаас импортоор авдаг байх юм. Баяжмал дахь зэсийн агуулгын хувьд хамгийн өндөр буюу 50%-ийн агуулгатайгаас (Конго улсаас импортлодог) хамгийн бага буюу 18-20%-ийн агуулгатай баяжмалыг хайлуулан 98.5%-ийн зэс агуулсан блистер зэс үйлдвэрлэж байна. Өмнө нь Европын зах зээлд гол төлөв блистер зэсээ экспортлодог байсан бол одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ зуун хувь Хятадын зах зээлд гаргадаг болжээ.

Бүтээгдэхүүний өртөг, зардлын хувьд 25 гаруй жил ашиглаж байгаа технологи нь хуучирч байгаа, түүнчлэн ӨАБНУ-аас нүүрсээ авто тээврээр авдаг нь бүтээгдэхүүний өртгийг нь нэмэгдүүлж байгаа гол асуудал болдог байна. Хайлуулах зуухны түүхий эд нүүрсээ ӨАБНУ-аас төмөр замаар тээвэрлэвэл авто тээврээс даруй 1.5-2.0 дахин илүү зардалтай болох аж. Хэдийгээр Цүмеб хайлах үйлдвэр нь зэсийн баяжмал, нүүрс зэрэг үйлдвэрлэлийн түүхий эдийн импортоос нэн хараат байгаа, түүнчлэн технологи хуучирч байгаа хүндрэлтэй үед ч ашигтай ажилласаар байна.

4. Африк баян уу, ядуу юу?

Ид өвлийн улирлаар нь тэнд очиж таарсан тул Африкийн халууныг төдийлөн мэдэрсэнгүй. Шөнөдөө 5 хэм, өдөртөө 22 хэмтэй байсан болохоор уур амьсгал их л таатай байлаа. Тэд онгон зэрлэг байгалиа хамгаалах тал дээр маш их сэтгэл гаргаж ажилладаг хүмүүс юм билээ. Монголчууд хээр хөдөө явж байгаад зогсохдоо шууд бие засч, хог хаягдал байгальд үлдээгээд явцгаадаг. Гэтэл дийлэнх Монголчуудын соёл иргэншилгүй, ядуу, бүдүүлэг гэж ойлгодог Африкийн орнуудад хээр хөдөө бууж бие засч болохгүй бөгөөд зөвхөн зам зуурын жижиг буудал, үйлчилгээний төвүүдээр дайрч тэндхийн ариун цэврийн өрөөнд л бие засна. Хөдөө хээр явж байхдаа хүмүүс нь хог хаягдлаа хаяхгүй бөгөөд ан амьтан агнана гэсэн ойлголт Намибид алга. Онгон зэрлэг байгаль, ан амьтад төрийн хамгаалалтад орж, ямар ч ан амьтныг агнах хориотой байна.

Бидэнд үйлчилж байсан бага оврын автобус цагт 100-130 км-ийн хурдтайгаар хот хооронд 4 цаг давхихад торох чулуу, тээглэх нүх зам дээр таарсангүй. Харилцаа холбоо, зам тээврийг маш сайн хөгжүүлж чаджээ. Хөдөөгийн нэг жижигхэн хотхонд ч хүмүүс нь найрсаг байх бөгөөд хотын соёлын түвшин барууны хотуудынхтай ойролцоо түвшинд очсон санагдсан. Гудамж талбайд нэг ч хог хаягдал байгаагүй нь үүний нэг нотолгоо гэлтэй. Виндхүк яг л Германы нэг дунд зэрэглэлийн хот шиг санагдсан. 19-р зуунд Намиби Германы колони байсан болохоор тэнд Германы соёл түгээмэл юм. Албан ёсны хэл нь Англи болохоор хүн бүхэн англиар ярьдаг ч, гудамжинд наад захын хүн Германаар чөлөөтэй ярина. Түүнчлэн Бушмен, Дамара, Намаква, Химба омгийн буюу уугуул Африкийн хэлээрээ ярьцгааж, хүүхдүүд нь дунд сургуульд уугуул хэлээ заалгадаг байна.

Намиби 2 сая гаруй хүнтэй, ДНБ-ийх нь 74%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ 2005 оны байдлаар 7,500 орчим ам.доллар буюу Африкийн орнуудын дунджаас 5 дахин их боловч ажилгүйдлийн түвшин их байгаагаас хүн амын дунд орлогын хэт ялгаа ихтэй байна. Хөдөөнөөс амьдрал хайж хотоо бараадан маш олон тооны хүмүүс ирдэг ч тэдэнд боловсрол, ур чадвар, мэргэжил байхгүйгээс ажилгүйчүүдийн тоог нэмдэг байна. Тэд хотоос зайдуухан Кататюра хэмээх ядуусын дүүрэгт амьдарна. Түүгээр явж байхад “Sir, change please” гэх хүн олон таарна. Кататюрад бидний нэрлэдгээр вагончик шиг жижигхэн амбаарт 8-10 хүн амьдарна. Тэдэнд ямар ч ажил олдохгүй, тун өрөвдөлтэй хэцүү санагдсан. Намиби хүн ам, эдийн засгийн бүтцээрээ Монголтой нэлээд төстэй. Төв суурин бараадаж хөдөөнөөс хүмүүс массаараа нүүн ирдгээрээ ч Монголтой адил юм. Гэхдээ хэдийгээр ажилгүйдэл ихтэй ч гэмт хэргийн гаралт маш бага байх юм. Хааяа нэг хулгайн хэрэг гарахаас манайх шиг архидан согтуурч бие биенийхээ амь насыг хөнөөсөн аллага, хүчирхийлэл тэнд алга. Намибаас хүртэл Монголчуудын маань ухамсар, соёл дорой байгааг мэдрээд нэлээд гутарлаа.

Нүдээр харахад Африк зарим талаар баян, зарим талаар ядуу. Боловсрол, мэдлэгтэй хүнийг үнэлэх орчин тэнд бүрдэж, боловсролтой хүн хангалуун амьдрах бүрэн боломж бүрджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 200 ам.доллар байгаа нь манай Төрийн албаны ажилтнууд, Яамны газрын даргын цалингаас ч өндөр байх юм. Барууны оронд зэрэг хамгаалаад ирсэн боловсрол өндөртэй хүмүүсийн хувьд сард 3000-4000 ам.долларын цалин авч байна. Төрийн албаны газар, хэлтсийн дарга нарын сарын дундаж цалин 1500-2000 ам.доллар, харин яамны мэргэжилтнүүдийн хувьд дунджаар 800-1000 ам.долларын цалинтай байна. Ер нь хотын соёл, ард иргэдийн ухамсрын түвшин, бохирдож сүйдээгүй байгаль орчныг нь авч үзвэл Африк үнэхээр баян. Ажилгүйдэл ихтэй, үүнээс шалтгаалаад ядуурлын түвшин, орлогын ялгаа их, HIV/AIDS нэлээд газар авсан зэрэг эдийн засаг, нийгмийн асуудлыг нь авч үзвэл ядуу гэж хэлж болох юм. Баян, ядуу гэдэг харьцангуй ойлголт. Үүнийг та өөр өөрийнхөөрөө тунгаана бизээ.

5. Дүгнэлт, санал, зөвлөмж:


· Манай улс эрдэс баялгийн салбар, тэр дундаа суурь металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон улсын түвшинд үр ашигтай гадаад хамтын ажиллагаа нэн чухал билээ. Тухайлбал дэлхий нийтийг хамарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бүхий энэ чиглэлийн олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх нь манай улсын хувьд чухал юм. НҮБ-ын системийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газар хоорондын, хараат бус, суурь металлын судалгааны гурван байгууллага өдгөө Португал улсад төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд ОУ-ын зэс судлалын групп (22 гишүүн оронтой), ОУ-ын хар тугалга, цайр судлалын групп (28 гишүүн оронтой), ОУ-ын никель судлалын групп (13 гишүүн оронтой) тус тус орно. Манай улс эдгээрийн алинд нь ч гишүүнчлэлгүй. Мөн Бүтээгдэхүүний хамтын санд Монгол улс гишүүнчлэлгүй. Ийнхүү манай улс эдгээр группууд, олон улсын байгууллагуудын алинд нь ч гишүүнчлэлгүй байгаагаас хөгжиж буй орнуудын Засгийн газар болон бизнесийн хүрээнийхний хамтын ашиг сонирхлыг хангах олон улсын хэлэлцээрүүд, олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд оролцож чадахгүй хоцорсоор байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт тулгуурлан хөгжсөн, өдгөө хөгжиж буй орнуудын эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд Монгол улс тэдгээр орнуудтай төдийлөн туршлага солилцож чадалгүй явсаар ирсэн байна. Хэрвээ эдгээр байгууллагуудад гишүүнээр элсвэл дараах давуу тал манайд бий болох юм. Үүнд: нэгд, суурь металлын аж үйлдвэрлэлийн бодлогын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах, харилцан туршлага хуваалцах; хоёрт, хүрээлэн буй орчны оновчтой бодлого, уурхайн хаалтын менежмент, металлын эрсдлийн үнэлгээ, эрсдлийн удирлага, металлын аж үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, мэдээлэл бусад улс орнуудтай солилцох; гуравт, хүрээлэн буй орчны олон талт бодлогын талаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцох; дөрөвт, хөгжиж буй орнууд ба олон улсын бүтээгдэхүүний холбоодын үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох зэрэг өргөн боломжууд шинээр нээгдэх юм. Иймд Монгол улс эдгээр байгууллагад (эхний ээлжинд ОУ-ын зэс судлалын групп, Бүтээгдэхүүний хамтын санд) гишүүнээр элсэх шаардлагатай гэж үзэж байна.
· Хөгжиж буй орнууд өөр хоорондоо эрдэс баялгийн салбарыг тойрсон олон асуудлаар хэлэлцэж, нэгдсэн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын нийтлэг бодлоготой болох нь чухал юм. Ингэснээр аль нэг оронд нь тулгарах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хөгжиж буй орнууд нэг бодлоготой, нэг үзэл санаатай, байр суурьтай байх бололцоо бүрдэнэ. Энэ тохиолдолд хөгжиж буй орнууд гадаадын хөрөнгө оруулагчидтай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагаа илүү үр ашигтай болно гэж үзэж байна.
· Африкийн ихэнх орнуудад “Уул уурхай, эрчим хүчний яам” гэсэн төрийн байгууллагын дор эрдэс баялаг, эрчим хүчний салбарын бодлого нь тодорхойлогддог байна. Эдгээр яамдуудын бүтцэд багтаж буй газар хэлтсүүдийн үйл ажиллагааны чигийг судлан сонирхвол бүхэлдээ судалгаа, шинжилгээний чиг үүрэг бүхий мэргэжлийн, мэргэшсэн баг ажиллаж байна. Эрдэс баялгийн эдийн засаг, байгалийн нөөцийн менежмент, эрдсийн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэлийн эрсдлийн удирдлага, геологийн эрэл үнэлгээ зэрэг эрдэс баялгийн салбар дахь өргөн хүрээтэй асуудлуудаар тогтмол судалгаа, шинжилгээ хийж, үндэслэл сайтай тэдгээр судалгааны үндсэн дээр салбар дахь Төрийн бодлого нь тодорхойлогддог дэлхий нийтийн жишигт эдгээр улсууд нийцэж чаджээ.
· Цүмеб хайлах үйлдвэр нь үйлдвэрлэлийн түүхий эд болох баяжмалаа Европ, Австрали, мөн өмнөд Африкийн орнуудаас импортлодог, нүүрсээ хөрш зэргэлдээ орноос авто тээврээр, нэлээд өндөр зардалтайгаар тээвэрлэн авдаг, үйлдвэрлэлийн үндсэн технологи хуучирч байгаа зэрэг хүндрэл бэрхшээлийг үл харгалзан ашигтай ажилласаар байна. Гэтэл манай улс зэсийн орд, уурхай, баяжуулах үйлдвэртэй атлаа зэс хайлах үйлдвэр байгуулж чадалгүй, хөрш орныг түүхий эдээр хангагч хавсарга орон байсаар хэдэн арван жил өнгөрчээ. Ингэхлээр Засгийн газрын зүгээс дотооддоо зэс хайлах, улмаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрт тусгах нь чухал бөгөөд энэ тохиолдолд Оюу Толгой зэрэг том ордуудыг түшиглэсэн зэсийн хайлах үйлдвэр байгуулах асуудал тухайн хөрөнгө оруулагчийн орд ашиглах төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдана. Эсрэг тохиолдолд Хятадын зах зээл дэх түүхий эдийн хэт их эрэлт, хэрэгцээг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулагч Монголд боловсруулах үйлдвэр байгуулахыг урьтал болгохгүй, аль болох хямд зардлаар баяжмал үйлдвэрлээд Хятадын зах зээлд экспортлохыг чухалчлах нь ойлгомжтой. Иймд дотооддоо боловсруулах буюу хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн нөхцлөө тавьж, хөрөнгө оруулалтын гэрээнд уг нөхцлийг тусгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь Африкийн орнууд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдсэн бодлого баримталж байгаа нь тодорхой болсон бөгөөд үүнийг гадаадын дийлэнх хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч байна.
· Уг хуралд Африкийн Хөгжлийн Банк (АфХБ)-ийг төлөөлж Юсеф гэдэг найз маань хүрэлцэн ирсэн байлаа. Тэр илтгэлээрээ Африкийн суурь металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд АфХБ-аас бага хүүтэй, урт хугацаат зээл, санхүүжилтээр туслалцаа үзүүлдэг механизм, үр дүнгийн талаар нэлээд ярьсан юм. Түүний илтгэлийг сонсонгоо би дотроо тухайн улсын хөгжлийн банк АфХБ-тай харьцаж, эсхүл бие даан олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийн талаар бодож суулаа. Хөгжлийн банкийг Монголд байгуулахыг дэмждэг үзэл бодол минь Юсефийн илтгэлээр улам баталгаажив. Харамсалтай нь Монголд ёс суртахуунгүй, боловсролгүй, ухамсаргүй, сэтгэн бодох чадваргүй, өөрийн үнэ цэнэ, хүндэтгэл, бахархалгүй гудамжны луйварчид Төр засаг барьж тоглож байгаа нь Монголд хөгжлийн банк байгуулах зэрэг хөгжлийн бүхий л асуудалд үнэхээр саад болж байна. Эрүүл сэтгэлгээтэй эрүүл хүн Төрийн ажил албыг явуулдаг болсон цагт эрүүл орчин энэ Монголд бүрдэнэ. Тэгж өөрчлөгдтөл хэдий хугацаа хэрэгтэй юм бэ?

Цөөнгүй жил өөр хоорондоо судалгаа, мэдээлэл солилцож, э-мэйлээр байнга харилцаж итгэлтэй нөхөд болцгоосон гадаадын зарим түншүүдтэйгээ тэнд биечлэн уулзсан, бас олон шинэ найз, нөхөдтэй болсон, Африкийн суурь металлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлагын талаар тэдэнтэй санал солилцон, өөрийн туршлагаа нэмэгдүүлсэндээ баяртай, нэлээд үр дүнтэй аялал байсан гэдгээр энэ товч тэмдэглэлийг эцэслэе.

11 Comments:

Anonymous Anonymous said...

tiimee gazart gyalgar uut baitugai banan urgadaggui gazart bananii halis hayahad buten jil gazart shingehguishde. bidnii aav eej iim baliar baigaaguishde. yagaad yagaad odoo iim teneg mulgui boltzgoochdog bainaa.

6:37 PM  
Blogger mind said...

Odoo giin 40-60 nasniihan nuguu l Baabariin heleed baisnaar joohon uur ulsuud. Ted nar sozialismiin buteegdehuun uchir ulaan kommunistuud bolon ungulun daldlagchid gej 2 huvaagdaj bolno. Bidnii aav eej herev said maid bish bol ulaan kommunistuudiin bulegt, said maid bolchihood hudalch huramch, dur gargaj zalilan mehelj tuuniigee gadaadad yavuulsan huuhduud, hagarah shahsan guzeegeeree uzuulegchid ni nuguu sozialismiin ungulun daldlagchdiin bulegt bagtana. Soz and kom 2 r yalgaatai l daa. End zugeer ingeed orhiloo.

4:10 AM  
Blogger Bold said...

ichmeer-t: Harin tiimee. Mongolchuud baigali delhiidee hamgiin hairgui humuus gej bi boddog. Huuchin tsagt yostoi l baigalitaigaa oir, baigalid hamgiin elegtei gej oorsdiigoo heldeg baisan. Odoo tiim bish boljee haramsaltai ni. Goliin usand bie zasch baigaa huuhed, oi mod zoriud tuimerden shataaj baigaa (dutuu shatsan modiig ni avah gej zoriud tegdeg gesen) humuusiig haraad bi heleh ug oldoggui. Mongoliin tal nutag ter chigeeree gyalgar uut, undaanii sav, eldev hog novsh bolson baina lee. Huvi hunii uhamsar doroi baina daa.... :(

avilokiteshwara-d: Tiimee, shine ue garch irj baij niigem eruuljiheer baigaa. Shinechleliig husej baina. Bi ooroo toriin alband odor buhen zorchiltei evlershgui zuiltei tulgardag. Hayaad yavchihmaar ue zondoo. Gehdee buh bolomjiig ashiglah gej hicheej baina. Hezee bolomj 00 zaana, bi ter ued hayaad l yavna.

5:53 PM  
Blogger Erdenee said...

http://boldoo2.blogspot.com/
naiziin mini blog. unshuushtai saihan bichdeg zaluu yag l tani shig. Unuu uyed ta uur gazar amidraad nutagiinhaa tuluu bas ajillah bolomj bii gej bodnom.

7:50 PM  
Anonymous Anonymous said...

Mgl d ch bus uur olon orond turiin udirdlaguud iim baliar hahuulid avtan yazartlaa bayjij baina. Gehdee yalanguya arabiin ornuudad shashinii achaar ted hun chanaraa aldahgui baigaa tul yadaj l hun bur haanaa ch gecen tzever tzemtzger urgekj sain uil hiij ali boloh baga nugel hiin divaajind ochihiig amidraliinhaa zorilgiig bolgon zalhuurahiig ul meden tzemtzej baina. manaid bas shashin heregtei gej bodnom

11:48 PM  
Anonymous Anonymous said...

bidnii byatzhan ursiin tuluu eej aaviihaa tuluu muusain yumnuudad buuj uhgui dee.

3:10 AM  
Blogger Bold said...

Erdenee & Anonymous-d: Setgegdel uldeesend bayarlalaa.

6:06 PM  
Anonymous Anonymous said...

Намибийн 1хүнд ноогдох ДНБ 7500$ гэдэг нь Монголоос бараг 7-8 дахин их байна. Гэтэл тэнд ядуу тарчиг амьдрал газар авч, хүмүүс нь төв суурин газар уруу нүүдэллэж байна. Тэнд баян, хоосны ялгаа их болжээ. Намибийн экспортын орлогын 70 гаруй хувь нь уул уурхайн салбараас орж ирж ирдэг нь Монголтой төстэй байгаа биз. Эрдэс баялагийн орлого, түүний хуваарилалтын менежментийг оновчтой хийж чадахгүй бол Намиби шиг цөөн хэдэн хүн баялагийн эзнээр сууж, дийлэнх ард иргэд нь үгүйрэн хоосрох ертөнц биднийг хүлээж байгаа юм биш үү .....Болдын нийтлэлээс ийм л санааг олж харлаа.

10:20 AM  
Blogger Bold said...

Naba, chi minii heleh gesen dald sanaag olj harj chadlaa. Hun bolgon uuniig medej avaasai gej bi hussen yum. Alivaa uls GDP-iin hii hoosond osoltiig zorih bus, efficiency-g hangah ni chuhal. Manai shiidver gargagchid helehdee bid erdes bayalgiin salbariig erchimtei hogjuulsneer 2021 ond GDP-g 12,000 USD-d hurgene" gedeg. Endees harval Mongol yag onoodriinh shig luivarchdaar udirduulj, ezengui oron heveer yavbal hureh etssiin tseg Namibia-aas ch doloon dor bolj huvirna. Uuniig bid husne gej uu?

12:35 PM  
Anonymous Anonymous said...

Монгол орон мандан бадрах болтугай.

2:15 PM  
Anonymous Anonymous said...

It takes a while for any country to shake the old habits away, to come up with new ideas and renovations, to educate the people, to catch up with the world civilization. That awile time can be a long time, but according to my observations, I think our country has caught up with lots of civilizations in last 15 or so years which could have been longer. We young people are the future to change the future and to educate the youngsters about environment and such. My heart aches to hear about the plastic and garbage and burnt trees!!! Perhaps we don't know what it is like to starve and eat seaweed like japanese people during the war, and when the stomach is not hungry, the brain doesn't work very fast. We, mongol people are very spoiled and we don't know what real suffering is.
O from SF

1:40 PM  

Post a Comment

<< Home