Гэрээний тeсeл (4-р хэсэг)
8. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ
8.1 Энэхүү гэрээнд өөрөөр заагүй бол Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол улсын хууль тогтоомжиыг даагаж мөрдөнө.
8.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10-р зүйлүүднь Хөрөнгө оруулагчийн Оюу Толгой төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бүх хөрөнгө оруулалтад хамаарна (Гадаадын хөнрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10-р зүйл)
8.3 Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
8.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийж болно.
8.5 Хөрөнгө оруулагч нь өнөөг хүртэл Монгол улсад нийт 400 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол улсын ндэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш 5 жилийн хугацаанд нийт 2.724 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг дээрх хуваарийн дагуу хийхээр төлөвлөж байна.
8.6. Хөрөнгө оруулагч Оюу Толой төслийн дараалал, хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн хөрөнгө оруулалтын жилд хийх хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд сайдад бичгээр урьдчилан мэдэгдэнэ.
8.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан сайдын баталсан маягтын дагуу гаргаж, Сайдад хүргүүлэх бөгөөд энэхүү тайланг Сайдад хүргүүлэхээс өмнө тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.
8.8. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хийх эрхтэй.
8.9. Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт дэмжлэг тусламж үзүүлэх, ажлын байр, бизнес шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
9. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН САЙДЫН ЭРХ,ҮҮРЭГ
9.1 Засгийн газар энэхүү гэрээнд тохиролцсон Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон санхүүгийн орчныг гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.
9.2 Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Сайд уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ (“Ашигт малтмалын тухай” хуулийн 30-р зүйлийн 4 дэхь заалт)
9.3 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлж буй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө,тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх,оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хууль бусаар хураахгүй. Сайд нь ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй зөвхөн Оюу Толгой төсөлтэй холбоотой аливаа тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцлахгүй.
9.4 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Гашуун Сухайтын олон улсын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход бололцоотой бүх арга хэмжээг авна.
9.5 Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ давагдашгүй хүчин зүйлээс өөр шалтгаанаар биелүүлээгүй 6 сар өнгөрвөл үүргээ биелүүлээгүй тухай болон түүнийг засахыг шаардаж Сайд, Хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдол Сайд гэрээг цуцлах эрхтэй.Энэхүү 9.5 дугаар зүйлийн дагуу тус гэрээтэй холбогдон гарсан маргааныг Талууд шийдвэрлэж байх үед тухай мэдэгдэлийг өгөхгүй.
9.6 Засгийн газар энэхүү гэрээний биелэлтийн талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд энэхүү гэрээний хамтын зорилгот хүрэхийн тулд хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авна.
9.7 Хөрөнгө оруулагч сайд, Засгийн газраас энэхүү гэрээний дагуу болон түүнтэй холбогдуулан зөвшөөрөл авах шаардлага гаран хүсэлтээ Засгийн газарт тавьсан тохиолдолд хүсэлтийг хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах эсвэл хойшлуулахгүй.
10. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ
10.1 Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь үндсэн хууль,гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ ( Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8.1-р заалт)
10.2 Хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгө, бусад эд хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан. “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Газрын тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр Засгийн газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно (“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 8.3 дахь заалт,”Газрын тухай ” хуулийн 46.1 дэх заалт)
10.3 Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргасан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрөөс өмнөх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр саадгүй шуурхай гүйцэтгэнэ.
10.4 Монгол Улс Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.
11 . ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
11.1 Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1 Гэрээний хугацаа дууссан бол энэхүү гэрээний 15.8-р зүйлийн дагуу Хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд;
11.1.2 Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд;
11.1.3 Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
11.1.4 Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон Сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд;эсхүл
11.1.5 Энэхүү гэрээний 9.5-д заасны дагуу Сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд.
11.2 Гэрээ дуусгавар болох хь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газраас Хөрөнгө оруулагчид олгосон бусад лиценз, зөвшөөрлүүд, эсвэл хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.
12. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
12.1 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээгээр хүээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүй улмаас гарах үр дагаварт Талууд хариуцлага хүлээхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх нь энэхүү гэрээний ямар нэг нөхцөл, үүрэг, бозлыг дагаж мөрдөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелүүлэх боломжгүй байдал үргэжлэх хугацаанд тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг болон холбогдох цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдэх бөгөөд гарах үр дагаварыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт гэрээний Хавсралт 1-д заасан нөхцөл байдал хамаарна.
0 Comments:
Post a Comment
<< Home